| |
Бидний нүдэнд харагдахгүй хэрнээ тахлын хэмжээнд хүрсэн зүйл нь хөрсний бохирдол юм. Хөрс бохирдож буй гол шалтгаан бол хүний буруутай үйл ажиллагаа аж. Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 20 гаруй арьс ширний үйлдвэр, шатахуун түгээх станц, автомашины хорт хаягдал, цахилгаан станцууд, бүх нийтийн хог хаягдал, мөн дээрээс нь гэр хорооллын модон жорлон, нүүрсний үнс, агаарын бохирдол. Энгийн ойлголтоор бол харилцан үйлдэл явагдаж нийслэлийн хөрс, агаар, ус нь иргэд бидний буруугаас болж нэгэн зэрэг бохирдож, хордож байгаа юм. Хавар болж, утаа буурмагц хөрсөнд их хэмжээний тортог бууж, энэ нь газрын хөрсөөр дамжин гүний усанд шингэж, бидний хоол ундыг давхар хордуулж байдаг.
Хөрсний бохирдолыг мэргэжлийн байгууллагууд юу гэж тогтоов?
Өнөөдөр нийслэлийн хөрсөнд байх ёстой найман төрлийн химийн бодис хэвийн хэмжээнээс 3-4 дахин их агуулгатай байгааг мэргэжлийн байгууллагууд тогтоов. Цэвэрлэх байгууламж, арьс ширний үйлдвэрүүдийн ил задгай ажиллагаанаас Туул гол маань бохирдож эхэлжээ. Туул голын бохирдол нь зөвхөн монголчуудад төдийгүй Төв Азийнханд хамааралтай юм.
Харин түүнийг харж хандах ёстой манай улс ийм хариуцлагагүй байдалд хүрчихээд хэн ч энэ талаар ярихгүй, дуугарахгүй байгаа нь харамсалтай. Ил задгай бие засах, стандартын бус жорлон байгуулах зэрэг нь хөрсний бохирдлын хамгийн том аюул. Нийслэлийн хөрсний бохирдлыг жил бүр дээжлэн шинжилдэг билээ. Өнөөдрийн байдлаар Нийслэлийн нийт хөрсний 85 хувь нь онцгой бохирдолтой болсныг мэргэжлийн байгууллагууд мэдээлэлсэн.
Нийслэлийн хөрсийг бохирдуулж байгаа хүчин зүйлүүдийн дийлэнх нь мэдээж модон жорлонгийн ялгадас, цаашлаад автомашины хаягдал аккумулятор, зай батарей, машин засварын газрын ойр орчмоос эхлээд хөрсийг бохирдуулах олон хүчин зүйл нөлөөлдөг. Мөн манай улс хамгийн чанаргүй, химийн бодис ихтэй шатахууны хэрэглээнээсээ болж агаар, хөрсөө аажмаар бохирдуулж байгаа ч одоогоор үүнийг шийдэх арга зам байхгүй учир энэ тал дээр хэн ч ам нээдэггүй.Нийслэлчүүд цахилгаан станцтайгаа нийлээд жилдээ зургаан сая тонн хог хаягдал үйлдвэрлэж, энэ нь хөрсийг бохирдуулах гол хүчин зүйл болж байна.
Хөрсний бохирдол халдварт өвчний эх үүсвээр...
Энэ талаар эмч мэргэжилтнүүд юу гэж хэлэв?
Мөн сүүлийн жилүүдэд сонсогдож байгаагүй олон төрлийн өвчлөл, тэр дундаа халдварт өвчин манай улсад сүүлийн 10 жилд бүх нийтийг хамрах шинжтэй өвчний нэг төрөл болжээ. Мөн гэдэсний хижиг, цусан суулга, халдварт шар зэрэг өвчлөл хавар, намартаа ёс юм шиг дэгддэг нь хөрсний бохирдлоос үүдэлтэйг эмч, мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрч байна. Ургийн гажиг болон дутуу төрөлтийг бид утаа руу чихдэг. Үнэн хэрэгтээ хөрсний бохирдлоос үүдэлтэй ийм төрөлт ч олон байгаа.
Томоохон захууд болон Гандангийн дэнж, Баянхошуу орчимын хөрс хамгийн их бохирдотой
Хүн амын өвчлөл, халдвар, хөрсний бохирдол үүсгэгчийг судалснаар нийслэлийн хамгийн их хөрсний бохирдолтой цэгүүдээр Хархорин, Нарантуул захын ойр орчим, Гандангийн дэнж, Бөмбөгөр, Зуун айл, Ногоон нуурын орчим, Баянхошуу орчимд нийслэлийн хөрс маш их хэмжээний бохирдолтой, энэ нь хүний эрүүл мэндэд хортой, сөрөг нөлөөтэй гэсэн судалгаа гарсан.
Агаарын болон хөрсний бохирдолтой, хүн амын нягт суурьшилтай болж байгаа нийслэлийг өнөөдөр орхиод нүүчихнэ гэсэн бодолтой иргэн нэг ч үгүй. Нэгэнт хортой энэхүү орчноосоо бид холдож чадахгүйгээс хойш хоргүйжүүлэх арга хэмжээг авч хойч үеэ эрүүл мэндийн өвчлөл, тахлаас сэргийлэх нь зайлшгүй шаардлагатай зүйл юм. Өнөөдөр хөрсний бохирдлыг бууруулах ажлыг цаг алдалгүй хийж эхлэхгүй бол хүн амын дундах халдварт нянгийн гаралтай, эмчлэгдэж болохгүй өвчлөлийн тоо эрс нэмэгдэж, нөхөж баршгүй гарз хохирол учирна гэдгийг мэргэжлийн хүмүүс сануулж байна. Утаанаас илүү уршигтай хөрсний бохирдол гэх чимээгүй тахлыг хөндөх сэдэв болгон нийгмийн өмнө тавих цаг нь нэгэнт болжээ.
Б.Оюунзул
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

