| |
Брюссель хот, Бельги улс "Лалын улс” бүлэглэлийн сүүлчийн бай биш, Европын олон улс ээлжээ хүлээж байгаа гэсэн мэдээллийг "Ассошиэтэд пресс” агентлаг өчигдөр цацлаа. Тус бүлэглэлийн гишүүн, маш өндөр төвшинд бэлтгэгдсэн 400-600 алан хядагч Европоор нэг тарсан гэнэ. Тэднийг Ирак, Сирийн нутагт зохион байгуулалгтайгаар бэлтгэсэн бөгөөд лалын ариун дайнд амь насаа үл хайрлан тэмцэх жинхэнэ дайчин болгон хувиргаад Герман, Их Британи, Итали, Дани, Швед рүү илгээжээ. Одоо тэд очих газраа аль хэдийнэ очоод тушаал өгөхийг л хүлээн суугаа аж. Тэднээс гадна Туркээс бас нэг баг "Хөгшин тив”-ийг айдас хүйдэст умбуулахаар аль хэдийнэ замдаа гарчээ.
Бельгийн "Завент” олон улсын нисэх буудал, "Маальбек” метроны буудалд уржигдар гурван удаа дэлбэрэлт болж, 32 хүний амь эрсдэн 300 гаруй хүн гэмтэж бэртсэн. Тэгвэл гэмтсэн хүмүүсийн 61-ийнх нь биеийн байдал маш хүнд "тогтворгүй" гэсэн оноштойгоор эмчлүүлж байгаа аж. Мөн комд орсон дөрвөн хүн. одоо болтол ухаангүй байгаа ажээ. Хохирогчид 40 улс орны харъяат иргэд байгаагийн ихэнх нь Европын холбооны гишүүн орнуудынх байна.
Тус улсын эрх баригчид Знэхүү Дмгэнэлт үйл явдалтай холбогдуулан гурван өдрийн гашуудал зарлаж, террорист халдлагын эрсдлийг хамгийн дээд буюу дөрөвдүгээр төвшинд хүргээд буй. Тус улсын хуулийн байгууллага халдлага гарсан даруйд мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлж, алан хядагчдын нэрсийг олж тогтоосон байна.
Алан хядагчдын нэг нь 30 настай Ибрагим эль-Бакрауи гэгч. Мөрдөгчид түүний хувийн компьютерийг Брюсселийн ойролцоох жижиг хотын хогийн цэгээс олж авсан бөгөөд дотор нь үхэхийнхээ өмнөх захиас үгийг хэлсэн бичлэг олдсон гэнэ. Бичлэгт тэрээр "Цаашдаа юу хийхээ мэдэхгүй байна. Тэд намайг газар сайгүй хайж байгаа. Өөрийгөө аюулгүй байдалд байна гэж төсөөлөхөө болилоо. Бууж өглөө гэхэд тэд намайг торны цаана суулгах болно” хэмээн ярьсан байжээ.
Мөрдөгчид түүнийг "Завент” нисэх онгоцны буудалд, ах Халидыг нь "Маальбек” метроны буудалд бөмбөг дэлбэлсэн гэж таамаглаж байгаа юм. Бельгийн цагдаа нар одоо "Завент”'буудалд цүнхтэй тэсрэх бөмбөг аваачиж тавиад зугтсан гурав дахь алан хядагчийг эрчимтэй хайж байна. Мөн Ибрагим эль-Бакрауитай хамт бөмбөг дэлбэлсэн амиа золиослогч хэн болохыг тогтоохоор ажиллаж байна. Халдлагын хариуцлагыг "Лалын улс” бүлэглэл хүлээж байгаагаа мэдэгдсэн ч ах дүүсийг ямар нэг бүлэглэлтэй холбоотой байсан гэх сэжүүр одоогоор гарч ирээгүй байгаа аж.
Брюсселийн халдлага гарснаас хойш цагдаагийн байгууллагад олон нийтийн газар тэсрэх бөмбөг тавьсан гэсэн мэдээлэл цөөнгүй ирэх болсон байна. Дэлбэрэлтийн дараа "Завент” буудалд яг энэ шалтгаанаар үзлэг хийсэн бол Монс хотод галт тэрэгний буудал чөлөөлж, шалгалт хийхэд хүрчээ.
Х.БАТСАЙХАН /АРДЫН ЭРХ/
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

