| |
Өчигдөр Сирийн Алеппо хотын зүүн хэсэгт Башар Ал Ассадын засгийн газар болон Оросын цэргийн хүчнийхэн агаараас дахин цохилт өгч эхэлсэн байна. Бөмбөгдөлтийн үеэр 25 хүн амь үрэгдсэний дотор ихэнх нь нь хүүхдүүд байсныг барууны хэвлэлүүд онцолж байна. Өнгөрсөн 2 сарын турш байнгын халдлагад өртөж байгаа зүүн хэсгийн энэ бүс нутаг бол Сирийн засгийн газрын эсрэг босогчдын хяналтаа тогтоож, орогнож байгаа газар юм.
Иймд тэднийг чиглэсэн ширүүхэн цохилтуудыг армийн хүчнийхэн удаа дараа өгч, хоморгонд нь олон арван энгийн номхон иргэд үрэгдсээр байна. Барууны хэвлэлүүдийн бичиж байгаагаар өчигдрийн халдлага нь Оросын ерөнхийлөгч Путины Францтай хийх яриа хэлэлцээгээ цуцалсантай холбоотой гэж үзэж байна. Уг нь энэ сарын сүүлээр ерөнхийлөгч Путин Францын ерөнхийлөгч Франсуа Олландтай уулзаж, Сирийн хямралыг зохицуулах тухай асуудлаар ярилцах байсан юм.
Гэтэл хэд хоногийн өмнө Франсуа Олланд ОХУ-ын Сирид явуулж байгаа ажиллагааг эрс буруутгаж, дайны гэмт хэрэг үйлдсэнийхээ төлөө Олон улсын шүүхэд дуудагдах ёстой гэж шүүмжилсэн билээ. ОХУ болон Сирийн засгийн газар Алеппо хотыг босогчдоос чөлөөлөхийн тулд тэдэн рүү чиглэсэн агаарын цохилтуудыг өгч байгаа ч босогчид энгийн иргэдийг өмнөө барьж, тэднийг үхэл рүү түлхэж байна гэж босогчид болоод тэднийг дэмжигчдийг буруутгажээ.
Өнгөрсөн 2 сарын хугацаанд Алеппо хотын зүүн хэсэг бүхэлдээ сүйдсэн бөгөөд эндэхийн ард иргэдээс 275 мянган хүн л эсэн мэнд үлдээд байгааг НҮБ-аас мэдээлж байна.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

