| |
Таван жилийн өмнө Та бид 2015 оны Монголыг хэрхэн төсөөлж байлаа? Гэр хорооллын нийт газрын тэн хагаст нь сүндэрлэх өндөр барилгуудын цахилгаан, дулааныг V цахилгаан станц хангаж, хотын дундуур сүлжин урсах Сэлбэ голын эрэг үлгэрийн мэт тохижиж, шинэ төрөх эмнэлэгт амаржсан эхчүүд хүүхдээ салхилуулаад алхаж явна. Нефть боловсруулах үйлдвэр ашиглалтад орчихсон, "Made in Mongolia” шошготой түлш, шатахуунаар банкаа дүүргэсэн тээврийн хэрэгслүүд хурдны замаар жирийгээд л. Тавантолгойн нүүрсийг шинэ төмөр замаар Хятад руу гаргаж, олон улсын зах зээдд IPO гаргасных нь үр шимийг монгол хүн бүр хүртээд эхэлчихсэн байна. Харин Оюутолгойн далд уурхай өнөө маргаашгүй ашиглалтад орох гээд, асар их цахилгааны хэрэглээг нь Тавантолгойг түшиглэн барих цахилгаан станцаас хангах бэлтгэлээ базаагаад л... Улаанбаатарын утааны 50 хувийг "үлээчихээд” Нийслэлийн иргэд төдийгүй Монголд ирсэн нэг сая жуулчин шинэ баригдах метроны бүтээн байгуулалтын гэрч болно. Монгол хүн бүр оволзсон их ажлын дунд завгүй өдрүүдийг элээж, Монголын эдийн засаг өсөлтөөрөө дэлхийд тэргүүлсэн хэвээр байх байлаа. Зарим дэвэргэн хүмүүс энэ хугацаанд Монгол Азийн баруудын нэг болчихоод "архирч” сууна гэж мөрөөдөж байв. Энэ бүхэн тун удахгүй бодитоор биелчих юм шиг санагдаж асан цаг.
2015 ОНЫ МОНГОЛ
2015 он гараад хагас жил боллоо. Гэтэл өнөөдөр дээрхийн аль нь ч биелсэнгүй. Гэлээ гээд бид гутарсан, цочирдсон янзгүй сууна. Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй гэж хэлэлцдэг болоод ч тэр үү, мөрөөдөл биелсэнгүй шүү гэж огт санаа зовдоггүй ажээ, бид. Энэ хооронд хоосон мөрөөдлийн цуваа тасрахгүй хөвөрсөөр л... 2030 он гэхэд Монголын эдийн засаг арав дахин өсөж, аж үйлдвэрлэл хоёр дахин нэмэгдэж, жуулчдын тоо таван саяд хүрч, нэг хүнд ногдох ДНБ 10 мянган ам.доллараас давна гэж улстөрчид ярих. Нээрээ ч тэгэх юм болов уу гэсэн итгэлээр өөрсдийгөө хуурч, цоо шинэ мөрөөдлөөр жигүүрлэн жингүйдэх. Гэвч тэдгээр нь бодитоор биелэх үү гэхээр "үгүй л болов уу” гэсэн хариултыг бидний өмнөх туршлага өгөх юм. "Америк мөрөөдөл” гэж байдаг бол урд хөрш маань "Хятад мөрөөдөл” бий болгоод, хэрэгжүүлээд эхэлж байна. Улс гүрнүүд бүгдээрээ чинээндээ таарсан мөрөөдөлтэй бөгөөд түүнийхээ үр шимээс хүртэж болоод байх шиг харагдах юм. Тэгвэл бидний мөрөөдөл юугаараа дутсан болоод хоосон хана мөргөөд байна вэ?
Харамсалтай нь бидний мөрөөдөл ёстой л жинхэнэ утгаараа хоосон мөрөөдөл болоод, бодит байдалд биеллээ олохгүй байгаа ажээ. Хэзээ нэгэн цагт Монгол өндөр хөгжилтэй орон болж, иргэд нь хангалуун жаргалтай амьдарна гэсэн дэврүүн итгэл монгол хүн бүрийн дотор нуугдаж буй нь гарцаагүй. Энэ сайхан зүйл, гэвч тулах цэг болж даанч чадахгүй. Америк мөрөөдөл, Хятад мөрөөдөл цогц үзэл санаа байж, нийтээрээ түүнийгээ хүлээн зөвшөөрч, үүний төлөө энгийн иргэнээс Төрийн тэргүүн нь хүртэл нэг "зохиол”-ын дагуу хөгжлийн тоосгоо өрж буй учраас тэдний мөрөөдөл бодитоор биелээд байна.
ОРГИЛ өөд
Өнгөрсөн баасан гарагт болсон Монголын бизнесийн дээд хэмжээний уулзалтын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөний талаар цухас ярьсан бөгөөд хэрэв тэр нь хэрэгжвэл улсын маань нийслэл "диваажин” болж болзошгүйг тайлагнав. Харин энэ үеэр салбар хуралдаанд оролцож суусан эдийн засагч Д.Жаргалсайхан "Төлөвлөгөө нь бат нот юм уу. Иймэрхүү мөрөөдөл хаа сайгүй л байдаг. Тэр болгон нь бодитоор хэрэгждэг бол бид одоогийнхоос тэс өөр Монголд амьдарч байх байсан шүү” гэж хатуухан хэлсэн юм. Мөрөөдөл гоё сайхан гэхээсээ илүү бодит байх нь чухал гэдгийг тэрбээр сануулсан болов уу. Зөн билигтэн биш учраас маргааш хэнд маань юу тохиолдохыг бид яг таг мэдэхгүй. Гэхдээ юу тохиолдохыг та хүсэж буй болоод юу тохиож болохгүй вэ гэдгээ мэдэж байвал угтах өдрүүдийн дүр зураг илүү төгөлдөр харагдах нь гарцаагүй.
"Бидэнд нийтээрээ хүлээн зөвшөөрсөн алсын хараа, хөгжлийн нэгдсэн дүр зураг хэрэгтэй байна” хэмээн Дэлхийн залуу ерөнхийлөгчдийн байгууллагын Монгол дахь салбарын дэд ерөнхийлөгч Ц.Эрдэнэбат хэлээд, "Стратегигүй тактик бол ялагдлын өмнөх бужигнаан. Тактикгүй стратеги нь амжилтад удаан хүрэх зам гэдэг. Эхнийхээр бол бид хэзээ ч амжилтад хүрэхгүй, бужигнаж байгаад л дуусна. Бусдын стратегийн тоглоомын нэг хэсэгт орчихно. Харин нийтээрээ нэг стратегитэй болоод, итгэл үнэмшил, зорилгоо нэгтгээд авбал тактик, арга зам нь буруу байсан ч, явах чигээсээ хазайхгүй”гэсэн юм.
"Монгол Улсын алсын хараа” сэдвийг өнгөрсөн хавар болсон Монголын эдийн засгийн форумын үеэр анх удаа шахам хөндөхөд тэрбээр гол үүрэг гүйцэтгэсэн юм. Энэ үеэр олон чухал санаа төрсөн билээ. Наад зах нь, бид Монгол мөрөөдөл гэдэг гурван сая иргэний хувийн мөрөөдөл биш гэдгийг ойлгож авсан. Энэ нь 21 аймаг, есөн дүүрэг, нийслэлийн засаг даргынх ч юм уу, УИХ-ын 76 гишүүн 22 намын мөрийн хөтөлбөр, 18 сайдын бодож олсон мэргэн санаа ч биш юм гэдгийг ухаарсан. Энэ бол Нэгдсэн Монголын мөрөөдөл байх ёстой. Бодлого боловсруулагчдаа бид дөрвөн жилд нэг удаа сонгодог нь жам ёсноос гажсан хэрэг биш. Гэвч төр засаг солигдох бүртээ өмнө нь зорьж, төлөвлөж байсан бүхнийг баллуурдаж, өөрсдийн гэсэн шинэ мөрөөдөл, шинэ арга замуудыг гаргаж ирдэг нь эрүүл үзэгдэл яавч биш. "Хэрэв бид Монгол мөрөөдөл гэдгээ нийтээрээ тохироод, тодорхой болгочихвол намууд өөр өөрсдийн мөрийн хөтөлбөрийг тулгах биш Монгол Улсын алсын хараанд нийцүүлэн, тэрхүү мөрөөдлийг биелүүлэхийн төлөө юу хийхээ санал болгодог болно” хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан ярьсан нь ийм учиртай.
Эрдэс баялгийн арвин нөөцтэй Монгол өнөөдөр боломжоосоо хэт доогуур мөлхөж яваагийн гол шалтгаан түүхий эдийн ханшийн уналт, Хятадын эдийн засгийн удаашрал гэнэ. Бид хэдий болтол ийнхүү буруугаа бусдад тохож явах вэ? Хүрэх цэг, алсын хараа, нэгдсэн бодлого байхгүй учраас л Монгол мөрөөдөл дурын шуурганд дэрвэж явдаг дарцаг болчихоод байгаа нь бодит байдал юм.
Мөрөөдлөө бид уул гэж төсөөлөөд, түүний оргил өөд авирахаар боллоо гэж бодъё. Хамгийн эхлээд хаашаа гарах вэ гэдгээ тогтох хэрэг гарна. Одоо бол зарим нь Цэцээ гүний орой руу мацъя гэж, зарим нь амрыг бодоод Зайсан толгой гарчихъя гэж байхад нөгөө хэсэг нь дэлхийд л гарахгүй бол горьгүй гээд Хималай руу зүтгэх аж. Өөдөө тэмүүлж буй нь сайн боловч өөр өөр оргил руу, ондоо ондоо замаар уван цуван явсаар, хүч тарамдсаар. Монгол хүн бүр хамгийн сайн мэдэх, бүгд болох, болохгүй гарц санал болгож, мэдэх мэдэхгүйгээрээ ярих Оюутолгойгоороо л жишээ авъя. Гаднаас нь харахад энэ бол жижигхэн л толгод. Гэвч олон санаат оргож буцна гэдэг шиг одоо болтол бид "орой” дээр нь гарчихаагүй л байна шүү дээ.
ТОДОРХОЙГҮЙДЭЛ
Монголын эдийн засгийн өселтийн хурд л түр хугацаанд буурсан болохоос биш бага багаар тэлсэн хэвээр байна. Асар их байгалийн баялаг, чадварлаг хүний нөөцөө ашиглаад энэ өсөлтийг эрчимжүүлэх боломж хангалттай бий. Гагцхүү бид өнөөгийн байдлаа өөрчилж, мөрөөдлөө томъёолох хэрэгтэй байна. "Америк, Хятад, Энэтхэг, Орос шиг хүн ам ихтэй том гүрэн ингэхийн тулд нийгэм нь тэр чигтээ савлана. Харин бид гурван саяулхнаа учраас илүү хурдан маневр хийх боломжтой. Уг нь энэ бидний өрсөлдөх чадварын давуу тал мөн боловч эсрэгээр бас сул тал болчихоод байна. Ц.Эрдэнэбат ч үүнтэй санал нэг байгаа боловч нэг зүйлээс эмээж буйгаа хэлсэн. Үнэн, худал нь мэдэгдэхгүй мэдээлэл, түүнээс улбаалсан популизм Монголыг бүхэлд нь савлуулж болдог болчихсон” гэлээ.
Шашинд үндсэн номлол бүхий судар байдаг бөгөөд тэр нь хүн төрөлхтөн хөгжиж, юмс урьдахаас өөр болсон ч үндсэн чиг нь өөрчлөгдцөгтүй учраас өдий олон жил ганхалгүй ирсэн биз ээ. Улс бүхэн Үндсэн хуультай бөгөөд түүнийгээ байн байн шинэчлээд байдаггүй нь ч үүнтэй ижил. Нэмээд тусгаар улс бүхэнд хөгжлийн "судар”, Үндсэн хууль зайлшгүй шаардлагатай цаг үед бид амьдарч байна. Өөдөө тэмүүлснийхээ хүчинд хүн өндөр болдог гэдэг шиг өгсөх чиг тодорхой бол түүн рүү мацах арга аяндаа олдох нь жам. Үгүй бол бусдын тоглоомын дүрэмд ороод дуусах нь үнэн. Ялангуяа дэлхийн хүчирхэг хоёр гүрний дунд аж төрдөг цөөхөн монгол ажиг ч үгүй яваад Хятад мөрөөдөл, Орос хөгжлийн загварын туслах дүр болоход даанч амархан. Үүнийг бид хүсэхгүй. Тиймээс эхлээд бусад гүрэн ямар мөрөөдөлтэй байгааг шинжицгээе.
Ж.ТЭГШЖАРГАЛ,
Д.МӨНХЧИМЭГ
ҮНДЭСНИЙ ШУУДАН
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

