| |

Эрик Карлссон: Оттова Сенаторс энэ улиралд плэй-оффт шалгарч чадаагүй. Гэвч тэдний Канад хамгаалагч Эрик Карлссон энэ жил James Norris Memomorial Trophy цомын төлөө өрсөлдөж байна. Э.Карлссон 2012 болон 2015 онуудад уг шагналыг хүртэж байсан бөгөөд ийнхүү сүүлийн 2 жил дарааллан улирлын шилдэг хамгаалагчид нэр дэвшиж байна. Хэдийгээр баг нь амжилт тааруу улирлыг өндөрлөсөн ч Э.Карлссоны хувьд энэ улиралд тун сайн тоглолтыг үзүүлсэн. Тэрээр өөрийн карьерынхаа хамгийн өндөр оноог энэ улиралд авсан. Э.Карлссон улирлын 82 тоглолтонд оролцохдоо 16 гоол, 66 гоолын дамжуулалт өгсөн. Энэ амжилтаараа улиралд оноо авсан тамирчдын 5-д орсон бөгөөд гоолын дамжуулалт нь лигт тэргүүлэх үзүүлэлт болсон юм.
Брент Бёрнс: Сан Хосе багийн хамгаалагчийн хувьд анх удаагаа уг шагналын финалын шатанд шалгарч байгаа нь энэ ажээ. Б.Бёрнс энэ улиралд 82 тоглолтонд оролцохдоо 27 гоол, 48 гоолын дамжуулалт өгч, нийт 75 оноо авсан. Энэ нь багтаа Ж.Торнтон болон Ж.Павелский нарын ард орох үзүүлэлт юм. Мөн тэр плэй-офф эхэлснээр 2 гоол, 8 гоолын дамжуулалт өгөөд байна. 31 настай хамгаалагчийн хувьд энэ улирал үнэхээр сайн тоглолтыг үзүүлж байгаа бөгөөд багийн амжилтанд түүний оруулж буй хувь нэмэр ч бий.
Дрю Даути: 2008 оны драфтын №2 Д.Даути 2009-2010 оноос хойш 2 дахь удаагаа 50-с дээш оноо авлаа. Энэ улиралд 14 гоол оруулж, 51 оноо авсан. Энэ нь түүнийг энэ жил сайн байсныг харуулж байна. Гэхдээ тэр плэй-оффт багтаа төдийлөн тус хүргэж чадаагүй. Баг нь ч Сан Хосе Шаркс багт 4-1 харьцаатай хожигдсон. Гэхдээ Д.Даути энэ улиралд үзүүлсэн амжилтаараа шилдэг хамгаалан тоглогчийн шалгаруулалтанд эцсийн шатанд шалгарч үлдээд байна.
Дашрамд сонирхуулахад уг шагналыг 1953-1954 оны улирлаас олгож эхэлсэн бөгөөд Бобби Орр (8 удаа), Дуг Харви (7 удаа), Никлас Лидстрём (7 удаа) нарын шилдэг тамирчид хүртэж байсан.
Эх сурвалж: Ssport.mn
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

